Утас vs Чат харьцуулалт


Шинэчилсэн:2024/05/10 Унших:5 мин 1 сек

Бид харилцагч байгууллагуудтай утсаар эсвэл биечлэн уулзаж зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг байсан бол 2020 оноос facebook messenger групп үүсгэж програмтай холбоотой зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлж байгаа. Шалтгаан нь бид үйл ажиллагаагаа чанартай, хяналттай, хурдан шуурхай үзүүлэх зорилготой. Бидэнтэй огт утсаар ярилцахгүй 100% чатаар асуултаа маш тодорхой асуугаад, түргэн шуурхай үйлчилгээ авч сэтгэл ханамжтай байдаг харилцагч нар олон байдаг. Бидний үйлчилгээгээ чанартай, хурдтай үзүүлэх гэсэн санаачлагыг дэмжиж хамтран ажилладаг харилцагч та бүхэндээ баярлалаа. Бид таныг чат бичихийг уриалж байна. Үг дамжуулах тоглоом тоглож үзээгүй хүн байхгүй байх. Хэрхэн үг хувирч, буруу ойлголцол үүсдэгийг санаж байгаа байх. Бичгээр дамжуулсан бол алдаа хэр зэрэг буурах байсан бол?

thetelephone

2022.11 сараас CallPro үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр алдсан дуудлага хянах эргэн холбогдох, дуудлагын түүх хадгалах, хэрэглэгчээр 1 асуудлыг олон дахин яриулахгүй байх, хэрэглэгчээ таних боломжтой болсон. Хэдий тийм ч утас болон чатаар харьцах нь нилээд ялгаатай.

Утсаар ярих эсвэл бидэнтэй чатаар харилцахын ялгаатай, давуу сул талуудыг хүснэгтээр харуулъя.

Утсаар ярих Мессенжер чат
1. Зураг илгээх
Та утсаар ярих үед програм дээр гарч байгаа мессеж, алдаа анхааруулгыг амаар уншиж тайлбарлах хэрэгтэй болно. Энэ үед ойлголцох хугацаа их зарцуулах, буруу унших, буруу ойлгох, зөв ойлголцохгүй байх асуудал маш их үүсдэг. Үгээр тайлбарлаж, дамжуулж хэлэлгүй шууд л дэлгэцийн зургаа програмаас, эсвэл утсаар зургийг нь дараад илгээснээр бид програмтай холбоотой асуудлыг ХАМГИЙН БОГИНО ХУГАЦААНД 100% эргэлзээгүйгээр ойлгох ба тохирох зөвлөгөөг хурдан өгөх боломжтой. Зураг илгээх нь 100 үгнээс илүү ойлгомжтой байдаг.
2. Таних хугацаа
Та утсаар ярихдаа аль байгууллагаас ярьж байгаагаа заавал хэлэх шаардлагатай болно. Та байгууллагынхаа албан нэр, эсвэл бизнес нэрээ хэлснээс шалтгаалж танай байгууллагыг харилцагчийн бүртгэлээс хайж олох хугацаа зарцуулагддаг. Утсаар ярихад таны яриа сайн сонсогдохгүй байх, буруу сонсох, та ч өөрийн байгууллагын нэрийг дахин дахин давтан хэлэх тохиолдлууд гардаг. Хэрвээ мессенжер групптээ чат бичсэн тохиолдолд таныг хаанаас, хэн холбогдож байгааг шууд мэдэх ба ОГТ ХУГАЦАА ЗАРЦУУЛАХГҮЙ шууд асуулт, хариултандаа ороод явах боломжтой.
3. Холбогдохгүй байх
Манай компани 75103333 суурин утсаар ажилтнуудын гар утастай холбож ашигладаг. 2022.11-р сараас CallPro үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Ажлын өдрүүдэд ажлын цагаар утасны дуудлага хүлээн авдаг. Гэхдээ нэгэн зэрэг олон дуудлага ирэх, уулзалттай байх, өөр давхар ажил хийж байгаа тохиолдолд мэдээж хэрэг утсаа авах боломжгүй үе байдаг. Харилцагчийн тоо манай ажилтны тооноос илүү учраас бүх харилцагчийн дуудлагыг алдалгүй хүлээн авах ямар ч боломжгүйг ойлгоорой. Та утсаа авахгүй байгаа тохиолдолд дуут шуудан үлдээх боломжтой. Бид ажлын цагаар алдсан дуудлагуудаа хянаж, эргэн холбогддог. Хэрвээ мессенжер группт чат бичвэл таны бичсэн чатыг хүлээн авахгүй гэсэн ойлголт байхгүй. Бичсэн бүх текст, дуут мессэж 100% АЛДАГДАЛГҮЙ манай компанид хүрнэ. Мэдээж хэрэг ажлын бус цагаар, амралтын өдрүүдээр чатыг тэр дор нь харж хариулах боломжгүйг бас ойлгох хэрэгтэй.
4. Асуудлыг ойлгох
Утсаар холбогдсон тохиолдолд тантай зөвхөн 1 ажилтан холбогдоно. Мөн манай компаниас тухайн ажилтан тухайн агшинд зөвхөн тантай холбогдох ба бусад харилцагчтай харилцах, давхар ажил хийх ямар ч боломжгүй болно. Тухайн ажилтан таны дуудлагыг тасалсны дараа мессенжер группээр давхар баталгаажуулах, таныг асуудлаа мессенжер групптээ бичихийг зөвлөх, бусад ажилтнууддаа таны асуусан асуудлыг дамжуулах зэрэг дотоод процессууд хийгддэг. Гэхдээ энэ нь мэдээж хэрэг 100% алдаагүй хийгдэх, утсаар ярьсан даруйд хийгдэх боломжгүй, мартагдах тохиолдлууд үүсч болно. Энэ тохиолдолд бусад ажилтнууд таны дуудлагын талаар ямар ч мэдээлэл аваагүй байх ба таныг дахин залгах үед асуудлыг тань дахин эхнээс нь яриулах зэргээр бухимдал үүсгэх эрсдэлтэй. Хэрвээ та мессенжер группт чат бичвэл Даянсофт ХХК-н бүх ажилтнууд таны бичсэн асуултыг унших ба тухайн асуудлыг шийдвэрлэх баг, хамт олноос эхлээд байгууллагын удирдлага, бусад нь ч гэсэн нэгэн зэрэг мэдээлэл авч чаддаг. Хэрвээ таны асуултыг нэг нь ойлгоогүй байлаа ч дотроо ярилцан нөгөө нэг нь тайлбарлаж өгснөөр БҮГД НЭГДСЭН НЭГ ОЙЛГОЛТТОЙ БОЛЖ ЧАДДАГ. Бусад програмын компаниудад ийм боломж, хяналт байдаггүй гэж бодож байна. Таны асуудлыг шийдвэрлэж байхдаа ч өөр бусад харилцагчийн асуудлыг цаг алдалгүй харж, зэрэг зэрэг хариулах, үйлчилгээ үзүүлэх боломжтой болсноор цөөн ажилтнаар олон харилцагчтай нэгэн зэрэг харилцах боломжийг бүрдүүлдэг.
5. Асуудал шийдвэрлэх
Утсаар ярих үед мэдээж хэрэг шууд хариулах асуулт байвал тэр дор нь хариулах боломжтой. Хэрэв боломжгүй бол таныг мессенжер групптээ бичихийг зөвлөх, эсвэл мессенжер группээр нь зааварчилгаа өгөх тухай тайлбарладаг. Дахиад л дээр дурдсанчлан таны асуудлыг бусдадаа тайлбарлах, тухайн асуултын хариулт өгөх, эсвэл асуудлыг шийдвэрлэх баг, хамт олонд дамжуулах зэргээр хугацаа алддаг. Таны асуудлыг уншсан ажилтнууд холбогдох багт мэдээллийг дамжуулж, ШУУД ХАРИУЛАХ, АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ үе шатууд хийгдээд явдаг.
6. Түүх, лог
Утсаар ярьж асуудал шийдвэрлэсэн, шийдвэрлэгдээгүй удсан гомдол саналууд ирэх тохиолдол гардаг. Нэг асуудал шийдвэрлэхээр хэд хэдэн удаа залгах тохиолдол гардаг ба утас авах бүрт өөр өөр ажилтан хүлээн авч дахин дахин яриулах, өөр хоорондоо зөрүүтэй тайлбар, хариулт өгөх, эргээд яг хэн хэзээ юу асуусан, хэн хэзээ юу гэж хариулсан түүхгүй бие биенээ өмөөрсөн байдалтай 2 тал 2-уулаа сэтгэл ханамжгүй үлдэх тохиолдол байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр үйл ажиллагаандаа CallPro үйлчилгээг нэвтрүүлсэн. Гэхдээ бүх яриаг дахин сонсоод хяналт тавьдаг гэсэн үг биш юм. Цаг хугацаа их орно. Чат бичсэн түүх мессенжер групп анх үүссэн цагаас эхлэн өдөр, цаг, минутаар хадгалагдан ТҮҮХ БОЛОН ҮЛДДЭГ тул асуудлыг ойлгохгүй будилсан, буруу зөвлөгөө, хариулт өгсөн, хэзээ хэн юу асууж, юу гэж хариулсан, хэзээ юу болсон бүгд хадгалагддаг.
7. Хяналттай байх
Танай байгууллагын ажилтан мөн, биш нь ч тодорхойгүй, янз бүрийн дугаараас залгаад шууд асуулт асуух, янз бүрийн сервис үйлчилгээ авах, програм шилжүүлэн суулгах, бааз өндөрлөх зэрэг удирдлагын зөвшөөрөлгүй хүсэлтүүд ирэх тохиолдлууд байдаг. Мессенжер группт 2 талын удирдлагын төлөөллүүд орсноор байгууллага хоорондын харилцаа, үйлчилгээний чанар, болж буй процесст ХЯНАЛТ ТАВИХ, АЛДАА ДУТАГДАЛТАЙ, БУРУУ ЗӨРҮҮ ЗҮЙЛД АНХААРУУЛГА САНАМЖ ӨГӨХ зэргээр ажиллах боломжтой.

Хэдийгээр утсаар ярилгүй чатаар зөвлөгөө, дэмжлэг авч байгаа ч гэсэн илүү үр дүнтэйгээр богино хугацаанд хүссэн зөвлөгөө, үйлчилгээг авахын тулд та хамгийн түрүүнд 100 үг бичилгүй шууд дэлгэцийн зургаа илгээж сурах шаардлагатай. Чатаар зураг илгээх 5 алхамт зааврыг бид харилцагч нартаа өгдөг боловч зургаа илгээж шуурхай үйлчилгээ авдаг харилцагчдын тоо бас хангалттай түвшинд байдаггүй, нөгөө л сурсан зангаараа утсаар ярьж байгаа юм шиг л тойруу, буруу зөрүү бичих нь олонтаа. Иймд та энд дарж хэрхэн дэлгэцийн зургаа илгээх заавартай танилцаарай. Доор үр дүн багатай болон үр дүнтэй чатын ялгааг зургаар харьцуулъя.

Дараах 2 чат дээрх асуулт, асуудал нь яг ижил боловч шийдвэрлэх хугацаа, ойлголцох хугацаа, хүний зарцуулж буй хугацаа, үр дүнгийн хувьд эрс ялгаатай байгааг харж болно.

Чат №1.

Chat1

Чат №2.

Chat2

Иймд та зургаа илгээж хэвшинэ үү.