Олон хариулттай асуултууд (FAQ)


Шинэчилсэн:2024/10/15 Унших:2 мин 33 сек

Танай програмын бусад програмаас давуу тал юу вэ?

Бидний хувьд манай програм бусдаас ийм давуу талтай, бусад нь ийм сул талтай гэж ярьдаггүй. Харьцуулахыг хүсдэггүй. Гол нь танай хэрэгцээ шаардлага, асуудал чинь юу вэ? Тухайн асуудлыг манай програмаар шийдвэрлэх боломжтой эсэх нь чухал.

Програмаар асуудлыг тань шийдвэрлэх боломжтой ч гэсэн програмаар бүртгэлээ зөв хийж, асуудлаа шийдвэрлэж чадах эсэх нь тусдаа өөр асуудал юм.

Мэргэжлийн нягтлан бодогч биш хүн ашиглах боломжтой юу? Манай энэ хүнд заагаад өгвөл гайгүй л дээ.

Хариулт болно, бас болохгүй. Манай програмыг сайн ашиглаад явж байгаа мэргэжлийн бус олон харилцагч байдаг. Эсрэгээрээ мэргэжлийн нягтлан боловч програмаа сайн ашиглаж чаддаггүй нэг нь ч байдаг. Энэ асуулт нь өөрөө хариулах боломжгүй, хариулсан ч үнэн байх эсэх нь танай хүний нөөцийн чадамжаас шууд 100% хамааралтай асуудал юм.

Олон програм сольж туршиж үзлээ. Танайх яг манайд тохирох уу?

Програмаар шийдвэрлэж болдог асуудал, болдоггүй асуудал гэж байдаг. Програм дээр шийдэл нь байсан ч түүнийг хүн буюу та, танай байгууллагын ажилтан зөв удирдаж, бүртгэж, тохируулж байж асуудал шийдэгддэг. Түгээмэл тохиолддог алдаа бол чадвар муутай хүний нөөцтэй, програмаа ашиглаж чадахгүйгээс хүссэн тайлан, үр дүндээ хүрэлгүй бүх бурууг програм руу чихээд дараагийн програмыг хайж сольж явдаг. Эсрэгээрээ хүний нөөц нь чадамжтай ч програмын боломж, функц муутай, цаашид хөгжүүлэлт хийдэггүй, алдаатай програмтай зууралдаж цаг хугацаа алдах тохиолдол ч байдаг.

Танай програмыг сурахад ямар хугацаа шаардлагатай вэ?

Энэ асуултанд тодорхой хариулт өгөх боломжгүй. Учир нь хүн болгон адилгүй. Танай байгууллагын онцлог, хэрэгцээ шаардлагаас хамаарна. Програмын зөвлөгөө өгч буй хүн, авч буй хүний ур чадвар, туршлага, асуултаа зөв асууж хэр зэрэг ойлголцох вэ гэдгээс ихээхэн хамаарна.

Зарим хэрэглэгч 4 цагийн хугацаанд маш их зүйл асууж, сурч амждаг бол зарим нь ганц хоёрхон асуултаа дахин дахин асуусаар цаг нь дуусдаг.

Мөн програм гэдэг өдөр бүр өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр таны сурсан зүйл маргааш хуучирч байдаг. Програмыг хөгжүүлж, бүтээж буй бидний хувьд ч програмаа 100% мэдэхгүй, эргэж харах, судлах, туршиж үзэх тохиолдол өдөр бүр тохиолддог. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Програмыг хэн ч 100% эзэмших боломжгүй бөгөөд шаардлага ч байхгүй. Таны хэрэгцээ шаардлага юу байна, түүнийг хангахад аль цонх, модулийг хэрхэн ашиглах вэ гэдэг жаахан хэсгийг л мэддэг байхад хангалттай. Маргааш шинэ хэрэгцээ үүсвэл тухайн шинэ мэдлэгийг тухайн үед нь сурч мэдээд л цааш яваарай.

Танайхаас нэг хүн манай компани дээр ирээд хамт суугаад зааж нэвтрүүлээд явах уу?

Бид шинэ хэрэглэгч нартай гэрээ байгуулахаас эхлээд програм суулгах, тохируулах, сургаж нэвтрүүлэх бүх үе шатыг онлайнаар зайнаас хандаж хийх боломжтой. Учир нь програм хангамж суулгаж нэвтрүүлэх нь заавал биеэр очих шаардлага байдаггүй.

Зайлшгүй шаардлагатай үед биеэр очих тохиолдол гардаг. Гэхдээ зайнаас онлайнаар асуулт, асуудлаа зөв тайлбарлаад шийдвэрлүүлэх нь өнөөдрийн энэ их түгжрэлтэй, унаагаар нааш цааш явахад хүндрэлтэй үед цаг хугацаа, зардал мөнгөө хэмнэсэн ухаалаг сонголт юм.

Мөн хэрвээ бид харилцагч бүр дээр нэг ажилтнаа очуулахаар явуулаад байвал хүрэлцэхгүй, дараа танай байгууллагад асуудал тулгарсан үед зайнаас хандаж асуудлыг шийдвэрлэх, чиглүүлэх боломжгүй болно гэдгийг ойлгоорой.

Програм авчихвал манай асуудал шийдэгдэх үү?

Програм авангуут танай асуудал шийдвэрлэгдэж, танай хүний нөөцийн чадамж дээшилнэ гэсэн үг биш. Гэхдээ зөв програмаа сонгоод програмаа сайн судлаад, зөв ашиглаж чадвал танай асуудал шийдэгдэж, програмаас шалтгаалсан алдаа дутагдал гарахгүй болно гэдэгт найдаж байна.