Өртөг бодох
Шинэчилсэн:2024/10/16 Унших:4 мин 36 сек
Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Өртөг бодох
Энэ цонхонд бараа материалын, үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүний өртөг бодно. Dayansoft ERP системд зарлагын бүртгэл хийх үед өртгийг автоматаар боддоггүй бөгөөд хэрэглэгч өөрөө энэ цонхоор өртөг бодуулснаар:
- Дотоод зарлагын өртөг
- Дотоод хөдөлгөөний өртөг
- Худалдан авалтын буцаалтын өртөг
- Борлуулалтын өртгүүд бодогддог.
Хэдийгээр бараа материалын баримт бүртгэх үед өртгийг автомат боддог болгох боломжтой боловч баримтыг цаг хугацааны дарааллаар зөв бүртгэх, баримт огт засахгүй, устгахгүй байна гэдэг нь бодит амьдралд огт хэрэгжих боломжгүй. Баримт шинээр үүсгэх, засах, устгах бүрт систем цаанаа өртөг тооцоолол хийх нь системийг, нөөцийг үр ашиггүй зарцуулна гэсэн үг. Тиймээс зөвхөн тайлан харах, гаргах үед өртгийг тооцож, бодуулах нь үр ашигтай шийдэл юм.
Өртөг бодуулахдаа:
- Эхлэх огноо - Дуусах огноо – Өртөг бодох хугацааг оруулна. Өртгийг дурын хугацаагаар бодох боломжтой боловч өөрийн байгууллагын бүртгэлийн онцлог, үйл ажиллагааны онцлогоос хамаарч сар, сараар, эсвэл улирал, улирлаар бодуулах нь зохимжтой. Өдөр тутамдаа өртөг, ашгаа харах хэрэгцээ шаардлага байдаг бол өдөр бүрээр ч бодуулж болно. Өртөг бодуулах хугацааны интервалыг оруулаад Бодох товч дарна.
- Өртгийн арга - Програм одоогоор зөвхөн "Жинлэсэн дундаж" аргаар өртөг боддог. FIFO, LIFO аргаар бодох боломжгүй.
- Жинлэсэн дундаж - Дундаж өртгийн аргаар бараа материалын өртгийг тооцохдоо бараа материалын данснаас зарцуулалт хийхээс өмнөх үеийн бараа материалын үлдэгдлийг бараа материалын тоо хэмжээнд харьцуулах замаар нэгжийн өртгийг тооцдог арга юм.
Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Өртөг бодох -> Нэмэлт сонголт
- Бараа данс - Тухайн сонгосон бараа материалуудын дансны хувьд л өртөг бодогдоно.
- Бараа код - Тухайн сонгосон нэг барааны кодын хувьд л өртөг бодогдоно.
Анхаарах зүйл:
- Dayansoft ERP системээс ажил гүйлгээ, баримт бүртгэх үед барааны өртөг автоматаар бодогддоггүйг анхаарна уу. Иймд та өртгөө харах, өртөгтэй холбоотой, ашгийн тайлан харах бол тухайн тайлан харж буй хугацааг бараа материалын өртгөө заавал бодуулсан байх ёстойг анхаарна уу
- Өртөг бодуулж буй хугацааны хооронд бүх баримт, ажил гүйлгээгээ бүртгэж журналд холбосон байх шаардлагатай. Журналд холбоогүй бол өртөг бодогдож дүн тавигдахгүй.
- Дотоод орлого, худалдан авалт, татан авалт гэх мэт орлогын баримтуудын хувьд өртгөө нягтлан бодогч та өөрөө гараас оруулдаг бөгөөд энэхүү өртөг бодох цонхоор зөвхөн зарлагын баримтууд дээр өртөг бодогдож байгааг анхаараарай.
- Өдөр тутамдаа зарлага, борлуулалтын гүйлгээ бүртгэх үед хэрэв бараа материалын үлдэгдэл хүрэлцэхгүй бол анхааруулах мессэж харуулдаг бөгөөд хасах үлдэгдэлтэй тохиолдолд өртөг бодох боломжгүй. Заавал хасах үлдэгдлээ засварласны дараа өртгөө бодуулна уу.
- Өртөг амжилттай бодсон үед өртөг бодсон түүх нэмэгдэнэ. Өртөг бодсон түүх нь хэн, хэзээ, ямар хугацааны хооронд өртөг бодсон логийг харуулж байгаа бөгөөд устгах шаардлагагүй, боломжгүй.
- Өртөг бодуулаагүй бол тухайн зарлагын баримтууд дээр өртөг харагдахгүйг анхаарна уу. Хэрэв тухайн зарлагын баримтын цонхоо нээсний дараа өртгөө бодуулсан бол зарлагын баримтын цонхноос Сэргээх товч дарж өртгөө сэргээн харна уу.
- Өртгийг системд дурын хугацааны хооронд бодуулах боломжтой боловч логик дарааллын дагуу зөв бодуулах шаардлагатай. Жишээ нь, 1-р сараа бодуулаад, дараа нь 2-р сараа, 3-р сараа гэх мэт. 3-р сарын өртгөө бодуулсны дараа, 1-р сарын өртгөө бодуулах нь ямар ч логикгүй, буруу үйлдэл хийж байна гэсэн үг.
Өртөгтэй холбоотой асуудал:
- Бараа материалын олон данстай, тэдгээр данс хооронд дотоод хөдөлгөөний бүртгэл хийдэг, мөн ажил гүйлгээ ихтэй тохиолдолд барааны өртгийг зөв, нарийвчлалтай тооцно гэдэг нь аль ч санхүүгийн програмын хувьд хүндхэн даалгавар юм. Учир нь дотоод хөдөлгөөн гэдэг нь нэг талдаа зарлага, нөгөө талдаа орлого хийгддэг ба зарлагын өртгийг тооцохын тулд хөдөлгөөний баримтын орлогын өртгийг ч мөн систем тооцоолох шаардлагатай болдог ба цаанаа бутархай өртөг, нарийвчлалын асуудал зайлшгүй гардаг. Өөрөөр хэлбэл, журнал бичилт дансны түвшинд оронгийн нарийвчлалыг цэгээс хойш 2 оронгоос илүү нарийвчлах боломжгүй. Нарийвчилсан тохиолдолд баланс тэнцэх боломжгүй. Харин бараа материалын баримтууд, тэдгээрийн өртгийг 2 оронгоос дээш 6, 8 оронгоор нарийвчлах шаардлага, хэрэгцээ үүсдэг. Яг энэ 2 ба түүнээс дээш оронгийн нарийвчлалын зөрүүнээс шалтгаалж хэдийгээр дансанд үлдэгдэл 0 боловч бараа материалын баримтын түвшинд бутархай мөнгө, тэдгээр бутархай мөнгөнүүд хуримтлагдсаар бүхэл төгрөг үлдэх асуудал үүсдэг. Тухайн бараа материалын данс нь туслах журнал хөтөлж байгаа учраас энэ үлдэгдэл бутархай мөнгийг тэглэх (0) шийдэл одоогоор Dayansoft ERP системд хараахан байхгүй байна. Бидний зүгээс энэхүү зөрүүг арилгах талаар шийдлийг олох, зөрүү үүсэхгүй байх талаас ажиллаж байгаа бөгөөд оновчтой шийдэл гартал таныг 1-2 удаа өртгөө зөв хугацаа дарааллаар бодуулж, тайлангаа хэдийгээр тайлант үе хаах цонхонд анхааруулгын текст гарч байгаа ч гэсэн тухайн үеийн байдлаар шууд хаалт хийхийг зөвлөж байна. Мэдээллийн баазыг жилээр нь өндөрлөсөн тохиолдолд эхний үлдэгдэл дээр тухайн зөрүүг арилгаж, зүгшрүүлж болно.
Dayansoft ERP системийн цэс: Бараа материал -> Өртөг бодох -> Хасах үлдэгдэлтэй болсон
Өдөр тутамдаа зарлага, борлуулалтын гүйлгээ бүртгэх үед хэрэв бараа материалын үлдэгдэл хүрэлцэхгүй бол анхааруулах мессэж харуулдаг бөгөөд хасах үлдэгдэлтэй тохиолдолд өртөг бодох боломжгүй ба “Хасах үлдэгдэлтэй бараа байна !!!” алдааны мессэж харуулдаг. Заавал хасах үлдэгдлээ засварласны дараа өртгөө бодуулна уу.
Хасах үлдэгдэл үүссэн бараануудыг жагсаалтаар, баримтын огноогоор харуулах бөгөөд тухайн баримт дээр 2 удаа дарахад баримтын цонх руу үсэрнэ. Шалтгааныг олж засварлана уу.
Хасах үлдэгдэлтэй бүх баримтын жагсаалтыг Тайлан -> Бараа материал -> Бараа материалын үлдэгдэл баримтаар тайланг хугацаагаар шүүгээд, “Хасах үлдэгдэлтэй барааг харах бол тэмдэглэ” тэмдэглэгээг чеклээд харна.
Анхаарах зүйл:
- Бараа материалын үлдэгдэл хасах болох шалтгаан бол маш энгийн. Дараах шалтгаануудын нэг нь, эсвэл аль аль нь байж болно.
- Эхний үлдэгдэл буруу, эсвэл оруулаагүй
- Худалдан авалт дутуу, эсвэл бүртгээгүй
- Худалдан авалтын буцаалтаа илүү бүртгэсэн
- Дотоод орлого дутуу, эсвэл бүртгээгүй
- Дотоод зарлага илүү бүртгэсэн
- Борлуулалт илүү бүртгэсэн
- Борлуулалтын буцаалтаа бүртгээгүй буюу ерөнхийдөө авснаасаа илүү зарлагадсан тохиолдолд л хасах үүсэх нь ойлгомжтой.
- Орц нормоор зарлагаддаг тохиолдолд орц нормоо мөрдөөгүй, эсвэл орц норм их тохируулснаас шалтгаалж илүү зарлага хийгдэх тохиолдол гардаг бөгөөд зарлага хийхдээ хасах үүсэх үед нь шалтгааныг олж хасах үүсгэлгүй хадгалах нь оновчтой.
- Хасах үлдэгдлийг арилгахгүйгээр өртөг бодуулах, зөв өртгөө гаргах ямар ч боломжгүй гэдгийг хатуу анхаарна уу. Та бодоод үзээрэй, -3 ширхэг барааны өртөг 300 төгрөг гээд сууж байж болохгүй биздээ?