Бэлгийн карт
Шинэчилсэн:2024/10/16 Унших:10 мин 9 сек
Dayansoft ERP систем дээр бэлгийн картыг дурын мөнгөн дүнтэйгээр бүртгэж Dayansoft POS програм дээр мөнгө эсвэл хөнгөлөлтөөр цэнэглэж худалдан авалт хийхдээ цэнэглэсэн дүнгээс ашиглах боломжтой.
Бэлгийн карт нь тоон кодтой карт, зураасан баркодтой карт, зурдаг туузан карт, QR кодтой карт гэх мэт төрлүүдтэй байх бөгөөд тоон кодтой картаас бусад карт нь туузан карт уншигч, бар код уншигч, QR код уншигч зэрэг тусдаа нэмэлт төхөөрөмж шаардана. Нэмэлт төхөөрөмж ашиглах тохиолдолд тухайн төхөөрөмжөөр картын дугаар програмд илгээгддэг байх шаардлагатай.
1. Бэлгийн карт бүртгэх:
Эхлээд Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Бэлгийн карт -> Шинэ цонхноос "Картын төрөл" лавлахыг задлаад "Нэмэх" товч дээр дарж Бэлгийн картын төрөл цонхыг нээнэ. Бэлгийн картын төрөл цонхны Үйлдэл -> Нэмэх товч дээр дарж Картын төрлийн мэдээллийг оруулаад Хадгалах товч дарж бүртгэнэ.
**Код** – Картын төрлийн кодыг програм автоматаар үүсгэх бөгөөд өөрчлөх боломжтой.
**Нэр** – Картын төрлийн нэр (мөнгөн дүнг бичих нь тохиромжтой).
**Цэнэглэх дээд лимит** – Карт цэнэглэх дээд хязгаарын мөнгөн дүн.
**Цэнэглэх (default)** – Карт цэнэглэх үед цэнэглэх цонхонд шууд санал болгох мөнгөн дүн.
Бэлгийн картын төрлийг бүртгэж оруулсны дараа Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт -> Бэлгийн карт -> Шинэ товч дарж Бэлгийн карт цонхны мэдээллүүдийг оруулаад Хадгалах товч дарж бүртгэнэ.
- Салбар нэгж – Тухайн бэлгийн картыг ашиглах салбар нэгжийг сонгоно. Олон салбаруудад бэлгийн карт бүгдэд нь үйлчлэх бол толгой салбар нэгж дээр тохируулахыг анхаарна уу.
- Картын эхлэх дугаар – Картын эхлэх дугаарыг оруулна.
- Картын дуусах дугаар – Картыг нэг, нэгээр болон олноор нь бүртгэх боломжтой. Карт олноор нь бүртгэх үед картын дуусах дугаарыг оруулна. Картын дугаар нь зөвхөн тоон утгатай, дугаар нь 0-р эхлээгүй тохиолдолд олноор бүртгэх боломжтойг анхаарна уу.
- Картын төрөл – Бэлгийн картын төрөл сонгоно.
Жагсаалтанд дараах утгууд харагдана.
- Картын дугаар
- Картын төрөл
- Салбар код
- Салбар нэр
- Цэнэглэх дээд лимит
- Цэнэглэх (Default)
- Цэнэглэсэн (₮)
- Ашигласан (₮)
- Үлдэгдэл (₮)
- Цэнэглэсэн (%)
- Ашигласан (%)
- Үлдэгдэл (%)
- Сүүлд цэнэглэсэн - огноо, цаг, минут
- Сүүлд ашигласан - огноо, цаг, минут
- Ашигласан тоо
- Үлдэгдэл (₮+%) - Нийт үлдэгдэл мөнгө болон хөнгөлөлт
- Бүртгэсэн - хэрэглэгч
- Бүртгэсэн - огноо
2. Бэлгийн картын үлдэгдэл хөтлөх:
Бэлгийн картыг худалдах эсвэл бэлэглэх тохиолдолд бараа болгон бүртгэх нь зүйтэй. Бараа болгон бүртгэснээр Бэлгийн картын үлдэгдлийг хянах боломжтой болно. Бэлгийн картыг бараа болгон бүртгэхдээ эхлээд Барааны бүлэг, Бараа ангилал үүсгэх шаардлагатай.
Барааны бүлэг болон Бараа ангилал үүсгэсний дараа Бэлгийн картыг бараагаар бүртгэнэ. Бэлгийн картыг бараагаар бүртгэхдээ Бараа материал -> Бараа код -> Шинэ товч дээр дарж холбогдох мэдээллүүдийг оруулаад Хадгалах товч дарж бүртгэнэ.
- Нэр – Барааны нэр оруулна. (Бэлгийн карт 30,000 ₮, Бэлгийн карт 50,000 ₮ гэх мэт)
- Посоор борлуулна – Идэвхжүүлнэ. (Бэлгийн картыг худалдах эсвэл бэлэглэх бүрт ПОС дээр бүртгэснээр үлдэгдлийг харах боломжтой)
- Үнийн жагсаалт – Бэлгийн картын үнийг оруулна. (Борлуулах үнийг Бэлгийн картын үнэ буюу 30,000 ₮ болон 0 ₮ үнэтэй байхаар 2 үнэ оруулна. Хэрэглэгч бэлгийн карт худалдан авахдаа НӨАТ-ын баримт авах бол 30,000 ₮ үнийг сонгох, эсвэл Хэрэглэгч Бэлгийн картаар худалдан авалт хийх үедээ НӨАТ-ын баримт авах болон Хэрэглэгчид Бэлгийн карт бэлэглэх тохиолдолд 0 ₮ үнийг ПОС дээр сонгох зорилготой. Эсвэл зөвхөн үнийн дүнг оруулаад, 100 хувь хөнгөлөлттэй борлуулж болно.)
- Бараа данс – Бараа (Бэлгийн карт)-г хөтлөх дансыг сонгоно.
Бэлгийн картаар Бараа код үүсгэсний дараа хэвлүүлсэн Бэлгийн картыг худалдан авалтаар бүртгэнэ. Худалдан авалтаар бүртгэхийн тулд Худалдан авалт -> Худалдан авалт -> Шинэ товч дээр дарж орлого авах Бэлгийн карт бараагаа бүртгээд Журнал бичилт хийж Хадгалах товч дарна. Салбар хооронд шилжүүлэх бол Бараа материал -> Дотоод хөдөлгөөн цонхоор бүртгэнэ.
- Харилцагч – Бэлгийн карт хэвлүүлсэн харилцагчийг сонгоно.
- Утга – Худалдан авалт
- Ажилтан – Бэлгийн картыг хариуцсан ажилтныг сонгоно
- Тайлбар – Холбогдох тайлбарыг оруулна (Бэлгийн карт хэвлүүлсэн)
- Огноо – Худалдан авалт хийж буй огноо
- Бараа данс – Бэлгийн картыг бүртгэх данс сонгоно
- Бараа код – Бэлгийн картын барааны кодыг сонгоно. (Барааны кодыг сонгосноор Барааны нэр програмаас татагдаж харагдана)
- Бараа нэр – Бэлгийн картын нэрийг сонгон. (Барааны нэрийг сонгосноор Барааны код програмаас татагдаж харагдана)
- Тоо хэмжээ – Бэлгийн картын хэвлүүлсэн тоог оруулна.
- Нэгж үнэ – Бэлгийн картыг хэвлүүлсэн нэгж үнийг оруулна.
3. Бэлгийн картыг борлуулах, бэлэглэх:
- Хэрэглэгч (байгууллага) бэлгийн карт худалдан авахдаа НӨАТ-ын баримт авч дараа нь уг бэлгийн картаар худалдан авалт хийх үед НӨАТ-ийн баримт авахгүй тохиолдолд бол POS дээр борлуулахдаа бэлгийн картаа сонгоод үнэ нь мөнгөн дүнтэй (жишээ нь, 30,000 ₮)-г сонгож баримт хэвлэж өгнө. Харин тухайн бэлгийн картыг цэнэглэхдээ “Хөнгөлөлт”-р цэнэглэнэ. Учир нь “Мөнгө”-р цэнэглэвэл борлуулалт давхардаж, 2 дахин өснө. Энэ тохиолдолд эхлээд борлуулалт хийгдэнэ, дараа нь үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн үг.
- Хэрэглэгч (иргэн) бэлгийн карт худалдан авахдаа НӨАТ-ын баримт авахгүй дараа нь уг бэлгийн картыг бэлгэнд авсан хүн бэлгийн картаар худалдан авалт хийх үед НӨАТ-ийн баримт авах тохиолдолд POS дээр борлуулахдаа бэлгийн картаа сонгоод үнэ нь 0 дүнтэй (0 ₮)-г сонгох, эсвэл 100 хувь хөнгөлнө. Бэлгийн картыг цэнэглэхдээ “Мөнгө”-р цэнэглэнэ. Энэ тохиолдолд эхлээд карт зарах үед урьдчилж олсон орлого болж борлуулалтын орлогод орохгүй ба бэлгийн картаар худалдан авалт хийх үед урьдчилж орсон орлого буурч, борлуулалтын орлого болно гэсэн үг.
- Хэрэглэгчид бэлгийн картыг бэлэглэх тохиолдолд POS дээр борлуулахдаа бэлгийн картын үнэ нь 0 дүнтэй (0 ₮)-г сонгоно. Мөн бэлгийн картыг цэнэглэхдээ “Хөнгөлөлт”-р цэнэглэнэ. Учир нь энэ мөнгөн дүн танай байгуулагад орж ирэхгүй. Энэ тохиолдолд огт борлуулалтын орлого нэмэгдэхгүй гэсэн үг.
4. Бэлгийн карт цэнэглэх: (Dayansoft POS програмаас)
Бэлгийн картыг урьдчилан цэнэглэх шаардлагагүй бөгөөд борлуулах эсвэл бэлэглэх үедээ Бэлгийн картыг цэнэглэх нь тохиромжтой. Бэлгийн картыг Мөнгө эсвэл Хөнгөлөлт гэсэн 2 төрлөөр цэнэглэдэг. Мөнгө төрлөөр цэнэглэсэн Бэлгийн картаар худалдан авалт хийхэд НӨАТ-тэй, Хөнгөлөлт төрлөөр цэнэглэсэн Бэлгийн картаар худалдан авалт хийхэд НӨАТ-гүй буюу НӨАТ 0 төгрөгөөр баримт хэвлэгддэг.
Бэлгийн карт цэнэглэхдээ Dayansoft POS програмаас: Үйлдэл -> Бэлгийн карт цонхруу орж Картын дугаарыг оруулан Хайх товч дарахад Үлдэгдлийг харуулах бөгөөд Төрөл болон Цэнэглэх дүнг оруулан Цэнэглэх товч дарна.
- Картын дугаар – Бэлгийн картын дугаарыг оруулаад Хайх товч дарна.Хэрэв карт бүртгэлгүй бол Dayansoft ERP системд урьдчилан бүртгэх шаардлагатай.
- Төрөл – Бэлгийн картыг цэнэглэх төрөл. (Мөнгө эсвэл Хөнгөлөлт төрөлтэй. Дээрх зааварчилгааг сайтар уншаарай.)
- Төлбөр – Мөнгөөр цэнэглэхэд төлсөн төлбөрийн хэлбэр (Бэлэн эсвэл бэлэн бус) сонгоно. Өдрийн хаалт хийх үед тооцоо нийлэхэд тухайн сонголтоос хамаарч бэлэн, бэлэн бус дүнд нэмэгдэнэ.
- Үлдэгдэл – Бэлгийн картын үлдэгдэл (Картын дугаар оруулан Хайх товч дарахад харуулна)
- Цэнэглэх – Бэлгийн картын цэнэглэх дүнг оруулна
- Тайлбар – Бэлгийн карт цэнэглэлттэй холбоотой тайлбар мэдээллийг оруулна
Бэлгийн картыг буруу дүнгээр эсвэл буруу төрлөөр цэнэглэсэн тохиолдолд залруулахдаа Dayansoft POS програмаас: Үйлдэл -> Бэлгийн карт цонхруу орж Картын дугаарыг оруулан Хайх товч дарснаар Бэлгийн картын төрөл, Үлдэгдлийг харуулна.
-
Тухайн картыг буруу дүнгээр цэнэглэсэн бол Цэнэглэх нүдэнд зөрүү дүнг + эсвэл - дүнгээр цэнэглэж тохируулна. (Жнь: 20000 ₮ цэнэглэх картыг 30000 ₮ буюу 10000 ₮ илүү цэнэглэсэн бол (-10000 ₮) цэнэглэж тохируулна.)
-
Тухайн картыг буруу төрлөөр цэнэглэсэн бол буруу төрлөөр цэнэглэсэнд дүнг хасах (-) дүнгээр цэнэглэж, цэнэглэсэн дүнг хассаны дараа зөв төрөл сонгож дахин цэнэглэнэ. (Жнь: Мөнгө төрлөөр 30000 ₮ цэнэглэх картыг Хөнгөлөлт төрлөөр 30000 ₮ цэнэглэсэн бол Хөнгөлөлт төрлөөр (-30000 ₮) цэнэглээд дараа нь Мөнгө төрлөөр 30000 ₮ цэнэглэж тохируулна.)
Бэлгийн картаар хийсэн борлуулалтын дүн Өдрийн хаалтын тайлан болон жагсаалт, бусад тайлангуудад харагдана.
4. Бэлгийн карт цэнэглэх: (Dayansoft ERP системээс)
Борлуулалт -> [Бэлгийн карт -> Жагсаалт үйлдэл] товч дарж цэнэглэх дүн оруулж мөнгө болон хөнгөлөлтөөр цэнэглэх боломж нэмэгдсэн.
5. Бэлгийн карт устгах:
Бүртгэгдсэн бэлгийн картыг устгахдаа Dayansoft ERP системийн цэс: Борлуулалт-> Бэлгийн карт -> Үйлдэл -> Устгах товчийг дарснаар устгах боломжтой.
Бусад байгууллагын хөнгөлөлтийн карт (coupon, voucher)
Байгууллагууд ажилтнууд болон үйлчлүүлэгчдэдээ өөрийн болон бусад байгууллагаар үйлчлүүлэх хөнгөлөлтийн карт буюу voucher гаргах нь түгээмэл. Тэгвэл бусад байгууллагын гаргасан хөнгөлөлтийн картаар хийсэн төлбөр тооцоог Dayansoft POS програмд хэрхэн бүртгэх, улмаар Dayansoft ERP системд хэрхэн хөнгөлөлтийн карт гаргасан байгууллагатай тооцоо нийлэх талаар зааварчилгаа бэлдлээ.
Байгууллагууд хөнгөлөлтийн карт гаргахдаа төлбөр тооцооллын хувьд дараах үндсэн 2 зарчмын алинаар нь гаргаснаас шалтгаалж, бүртгэл нь ялгаатай хөтлөгдөнө.
- 1-р хувилбар - B2B байгууллагын худалдан авалт
Хөнгөлөлтийн карт гаргаж буй байгууллагын худалдан авалт буюу картаар үйлчлүүлэгчдэд зөвхөн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичиг олгох ба урамшууллын хугацааны эцэст (сарын эцэст) карт гаргасан байгууллагатай тооцоо нийлж нийт хөнгөлөлтийн картаар үзүүлсэн үйлчилгээний нийт мөнгөн дүнг карт гаргасан байгууллагаас нэхэмжилж авах ба тус байгууллагад нийт дүнгээр худалдан авалтын ebarimt шивж олгоно. Өөрөөр хэлбэл, картаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгч тухайн хөнгөлөлтөөр картаар үйлчилгээ авах боловч, Dayansoft POS програмаас сугалааны дугаартай ebarimt хэвлэхгүй, 0 үнийн дүнтэй, сугалааны дугааргүй ebarimt хэвлэж өгнө. Бизнес утгаараа картаар үйлчлүүлэгч нарт үйлчилгээг 0 үнээр урьдчилж үзүүлээд, төлбөр тооцоог нь карт гаргасан байгууллага дараа нь хийж зардлын баримтаа байгууллага дээрээ гаргаж авч байгаа гэж ойлгож болно.
Энэ тохиолдолд дараах алхмаар програмд бүртгэл хөтөлнө.
- Dayansoft ERP системд Үндсэн тохиргоо -> Харилцагч цонхонд тухайн карт гаргасан байгууллагыг харилцагчаар бүртгэнэ. Мэдээж өмнө бүртгэсэн бол дахин бүртгэх шаардлагагүй.
- Dayansoft ERP системд Үндсэн тохиргоо -> Харилцагч цонхонд Посоор үйлчлүүлнэ сонголтыг чеклэж хадгална.
- Dayansoft POS програмд Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх (F5) товч дарна.
- Картаар үйлчлүүлэгч үйлчилгээ авах үед хэвлэмэл хөнгөлөлтийн картыг хурааж авна.
- Dayansoft POS програмд бараа, үйлчилгээг сонгоод тухайн хөнгөлөлтийн картын дүнгээр Хөнгөлөлт товч дарж хөнгөлнө. Жишээ нь, 30,000 ₮-н хөнгөлөлтийн картаар 2ш бараа авч байгаа тохиолдолд тус үнийн дүнг 2 бараанаас хөнгөлсөн нийт дүн 30,000 ₮ байхаар хөнгөлнө. Хөнгөлөлтийн картаар хийсэн борлуулалт нь 100% хөнгөлөгдсөн учраас өдрийн хаалт хийх үед бэлэн, бэлэн бус мөнгөний үлдэгдэлд нөлөөлөхгүй.
Нэмэлт тайлбар: Посын борлуулалт татах үед хөнгөлөлтийн картаарх дүн нь борлуулалтын хөнгөлөлт болж бүртгэгдэнэ. Хэрвээ ингэж борлуулалтын орлого, борлуулалтын хөнгөлөлтөөр бүртгэхгүй тохиолдолд хөнгөлөлт үйлчлэх бүх бараа үйлчилгээ дээр 0 үнээр үнийн жагсаалт үүсгэж, 5-р алхамд заасан хөнгөлөлт оруулахгүйгээр үнийн жагсаалтаас 0 үнэтэй үнийн жагсаалтыг сонгож борлуулалт бүртгэж болно. Үнийн жагсаалт үүсгэх, тохируулах талаар Борлуулалт -> Үнийн жагсаалт цонхноос дэлгэрүүлж уншина уу.
- Бараа сонгох, эсвэл төлбөрийн цонхноос Харилцагч (F9) товч дарж, 1-р алхамд бүртгэсэн карт гаргасан байгууллагыг сонгоно.
- Баримтаа хэвлэж гаргана. Зөвхөн хөнгөлөлтийн картаар бараа, үйлчилгээ авч байгаа тохиолдолд 0 үнийн дүнтэй сугалааны дугааргүй баримт хэвлэгдэнэ. Харин худалдан авч буй бараа үйлчилгээ хөнгөлтийн дүнгээс илүү гарсан тохиолдолд илүү гарсан төлбөрөө бэлэн, бэлэн бусаар төлөх ба тус төлсөн дүнд сугалааны дугаар бүхий ebarimt хэвлэгдэнэ.
- Урамшууллын хугацааны эцэст (сарын эцэст) цуглуулсан хөнгөлөлтийн картуудыг нэгтгэж, карт гаргасан байгууллагад өгөх ба нийт картын дүнгээр тус байгууллага руу нэхэмжлэх өгнө.
- Dayansoft ERP системийн Борлуулалт -> Борлуулалт цонхноор борлуулалт болгон шивэх, эсвэл шууд Ерөнхий дэвтэр -> Журнал бичилт, Мөнгөн хөрөнгө -> Кассын орлого, Мөнгөн хөрөнгө -> Харилцахын орлого цонхнуудын аль тохиромжтойгоор борлуулалтаа шивж, борлуулалтын орлого, тооцоо үүсгэх, хаах бичилтээ хийнэ. Хэрхэн бүртгэхийг нягтлан бодогч өөрөө шийдвэрлэх нь зүйтэй.
- Тус байгууллага руу www.ebarimt.mn сайтаас эсвэл Dayansoft ERP системийн Борлуулалт -> Ebarimt цонхноос тухайн тооцооны нийт дүнгээр ebarimt гаргаж, илгээнэ.
- 2-р хувилбар - B2C Хэрэглэгчийн худалдан авалт
Хөнгөлөлтийн карт гаргаж буй байгууллагаас урамшууллын хугацааны эцэст (сарын эцэст) хөнгөлөлтийн картаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн төлбөр тооцоог хийх ба худалдан авалтын ebarimt нь үйлчилгээ авах үед картаар үйлчлүүлж буй худалдан авагчид олгоно. Өөрөөр хэлбэл, Картаар үйлчлүүлэгч нар урьдчилж үйлчилгээг аваад, төлбөр тооцоог нь карт гаргасан байгууллага дараа нь хийж байгаа гэж ойлгож болно.
Энэ тохиолдолд дараах алхмаар програмд бүртгэл хөтөлнө.
- Dayansoft ERP системд Үндсэн тохиргоо -> Харилцагч цонхонд тухайн карт гаргасан байгууллагыг харилцагчаар бүртгэнэ. Мэдээж өмнө бүртгэсэн бол дахин бүртгэх шаардлагагүй.
- Dayansoft ERP системд Үндсэн тохиргоо -> Харилцагч цонхонд Посоор үйлчлүүлнэ сонголтыг чеклэж хадгална.
- Dayansoft ERP системд Үндсэн тохиргоо -> Харилцагч -> Тохиргоо цонхонд Тооцооны данс хэсэгт Дансны авлага дансыг тохируулж хадгална.
- Dayansoft POS програмд Үйлдэл -> Мэдээлэл шинэчлэх (F5) товч дарна.
- Картаар үйлчлүүлэгч үйлчилгээ авах үед хэвлэмэл хөнгөлөлтийн картыг хурааж авна.
- Dayansoft POS програмд бараа, үйлчилгээг сонгоод төлбөрийн цонхноос тухайн хөнгөлөлтийн картын дүнгээр Тооцоо хэсэгт дүнг оруулна. Жишээ нь, 30,000 ₮-н хөнгөлөлтийн картаар нийт 50,000 ₮-н бараа авч байгаа тохиолдолд Тооцоо хэсэгт 30,000 ₮ оруулж, үлдэгдэл 20,000 ₮-г тухайн үйлчлүүлэгчээс авсан хэлбэрээр (Бэлэн, Бэлэн бус) оруулна. Хөнгөлөлтийн картаар хийсэн дүнгээрх борлуулалт нь дараа тооцоо болох ба өдрийн хаалт хийх үед бэлэн, бэлэн бус мөнгөний үлдэгдэлд нөлөөлөхгүй.
- Бараа сонгох, эсвэл төлбөрийн цонхноос Харилцагч (F9) товч дарж, 1-р алхамд бүртгэсэн карт гаргасан байгууллагыг сонгоно.
- Баримтаа хэвлэж гаргана. Худалдан авч буй бараа үйлчилгээний нийт үнийн дүнгээр сугалааны дугаар бүхий ebarimt хэвлэгдэнэ.
- Dayansoft POS-н борлуулалтыг Dayansoft ERP системд татах үед борлуулалтын журнал хэсэгт тухайн карт гаргасан байгууллага руу авлага үүсгэсэн бичилт автомат үүснэ. Хэрвээ үүсэхгүй бол 3-р алхмыг зөв тохируулсан эсэхээ нягтлаарай. Мөн тухайн борлуулалтын баримт татаж байгаа харилцагчийн хувьд мөн Тооцооны данс тохируулсан байх ёстойг анхаарна уу.
- Урамшууллын хугацааны эцэст (сарын эцэст) цуглуулсан хөнгөлөлтийн картуудыг нэгтгэж, карт гаргасан байгууллагад өгөх ба нийт картын дүнгээр тус байгууллага руу нэхэмжлэх өгнө.
- Мөнгөө авсан тохиолдолд Dayansoft ERP системийн Санхүү бүртгэл -> Журнал бичилт, Мөнгөн хөрөнгө -> Кассын орлого, Мөнгөн хөрөнгө -> Харилцахын орлого цонхнуудын аль тохиромжтойгоор өмнө үүссэн тооцоо хаах бичилтээ хийнэ. Хэрхэн бүртгэхийг нягтлан бодогч өөрөө шийдвэрлэх нь зүйтэй.