Салбар нэгж тохируулах
Шинэчилсэн:2025/04/15 Унших:5 мин 12 сек
Dayansoft ERP системийн цэс: Үндсэн тохиргоо -> Салбар нэгж цонх. Энэ цонх зөвхөн Admin хэрэглэгч дээр харагдана.
Энэ цонхонд байгууллагын салбар нэгж, өртгийн төвийн мэдээлэл оруулна. Салбар нэгж бүртгэхдээ байгууллага хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулдаг, хэдэн өртгийн төвтэй зэргээ бодож зөв үүсгэх нь чухал. Салбар нэгжийн бүртгэл нь дансны төлөвлөгөө зохиох, цалин бодох, системд хандан ажиллах хэрэглэгчийн эрх тохируулах, салбар нэгжээр гарах тайлангуудад ашиглагдана. Байгууллагын мэдээлэл дээр бүртгэсэн байгууллагыг хамгийн дээд шатны салбар нэгжээр бүртгэж, доош шаталсан байдлаар бүртгэх нь оновчтой. Ингэснээр тайлан мэдээг байгууллагын хэмжээнд болон доод салбар нэгжээр ялгаж харах боломжтой болно.
Анхаарах зүйл:
- Салбар нэгжийн бүртгэлийг сайн бодож, зөв задалж үүсгээгүйгээс үүдэн эцсийн шатанд тайлан мэдээгээ хүссэнээрээ задалж харж чадахгүй сөрөг нөхцөл байдал хүрдэг
- Цалин бодолт салбар нэгжээр хийгддэг ба тухайн салбар нэгжийн зардлыг ямар дансанд хуваарилах вэ гэдэг нь байгууллагын тайлан мэдээг үнэн зөв бодитоор гаргахад чухал нөлөөтэй.
- Хэрэглэгчийн эрхийн тохиргоо, хийх үйлдлүүд, харах мэдээллийг салбар нэгжээр ялган хязгаарлах боломжтой байдаг тул энэ бүгдийг бодолцож Салбар нэгжээ зөв үүсгээрэй.
Салбар нэгж нэмэхдээ Үйлдэл -> Нэмэх (Ctrl+Insert) товч дарж цонхны мэдээллүүдийг доорх зааврын дагуу оруулаад Хадгалах товч дарна. Салбар нэгж устгах бол Үйлдэл -> Устгах (Ctrl+Delete) товч, засах бол тухайн засах мөрөн дээр дарж засвар оруулаад Хадгалах товч дарна.
- Нэр: Салбар нэгжийн нэрийг оруулна. Тухайн салбар нэгж нь дотроо салбар нэгж, газар хэлтэстэй байхаар бүртгэж болно.
- Товч нэр: Салбар нэгжийн товч нэрийг оруулна. Товч нэрийг данс, тайлангууд дээр харуулна.
- Код: Салбар нэгжийн код оруулна. Дурын тоон утгаар код өгөх боломжтой бөгөөд (10, 20, 30, 40 гэх мэт) 2 оронтой код оруулах нь оновчтой. 0-ээр эхэлсэн код өгч болохгүй. Тухайн салбар нэгжид харьяалагдах салбар нэгж, газар, хэлтсийн кодыг (11, 12, 13 гэх мэт) оруулах нь оновчтой. Кодны өмнө байрлах суман дээр дарж салбар нэгжийг дэд салбаруудаар задалж харах, хураах боломжтой. Хэрэв тоон утгаас өөр утга оруулж хадгалсан тохиолдолд "A .NET Framework error occured during execution of user-defined routine or aggregate "hierarchyid"" алдаа зааж зөвхөн хөгжүүлэгч компаниас засварлах боломжтой. Харъяа салбар, харъяа баганатай бүх лавлахын хувьд энэ шалгуур ижил ажиллана.
- Харьяа салбар: Тухайн салбар нэгжийн дээд шатны салбар нэгж эсвэл байгууллагыг сонгоно.
-
- Өнгө: Тухайн салбар нэгжийн ялгах өнгийг сонгоно.
- Идэвхтэй: Салбар нэгж татан буугдсан, идэвхгүй болсон салбаруудын чекийг авч хадгална.
- Default: Програмд шинэ бүртгэл хийхэд автоматаар санал болгох салбар нэгжийг сонгож тохируулна. Санал болгосон салбар нэгжийг гараар өөрчилж болно.
- 1-р гарын үсэг: Салбарын захирал буюу тайлан, баримтанд 1-р гарын үсэг зурах ажилтныг сонгоно. Тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд дээр нэр нь хэвлэгдэх тул зайлшгүй оруулах шаардлагатай. Гэхдээ баримтанд хэвлэгдэх дараа нь 1-рт тухайн дансны кодын 1-р гарын үсгийн тохиргооноос, хоосон бол тухайн дансны харъяалагдах салбар нэгжийн 1-р гарын үсгийн тохиргооноос, хэрэв данс болон салбар нэгж 2-уул хоосон тохиолдолд байгууллага цонхонд тохируулсан тохиргооноос дуудахыг анхаарна уу.
- 2-р гарын үсэг: Салбарын нягтлан бодогч буюу тайлан, баримтанд 2-р гарын үсэг зурах ажилтныг сонгоно. Тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд дээр нэр нь хэвлэгдэх тул зайлшгүй оруулах шаардлагатай. Гэхдээ баримтанд хэвлэгдэх дараа нь 1-рт тухайн дансны кодын 2-р гарын үсгийн тохиргооноос, хоосон бол тухайн дансны харъяалагдах салбар нэгжийн 2-р гарын үсгийн тохиргооноос, хэрэв данс болон салбар нэгж 2-уул хоосон тохиолдолд байгууллага цонхонд тохируулсан тохиргооноос дуудахыг анхаарна уу.
- НӨАТ өглөг данс: Хэрэв НӨАТ-ын өглөгийг салбар нэгжээр нь салгах шаардлагатай бол салбар нэгж тус бүрээр нь НӨАТ-ын өглөгийн дансыг үүсгэж тохируулна.
- НӨАТ авлага данс: Хэрэв НӨАТ-ын авлагыг салбар нэгжээр нь салгах шаардлагатай бол салбар нэгж тус бүрээр нь НӨАТ-ын авлагын дансыг үүсгэж тохируулна.
- НХАТ өглөг данс: Хэрэв НХАТ-ын өглөгийг салбар нэгжээр нь салгах шаардлагатай бол салбар нэгж тус бүрээр нь НХАТ-ын өглөгийн дансыг үүсгэж тохируулна.
-
Бүх борлуулалтанд НХАТ тооцно: Хуульд зааснаар бүх борлуулалтад НХАТ тооцох (ресторан, бар, зочид буудал, амралтын газар гэх мэт) үйлчилгээ эрхлэгч салбар нэгжийн хувьд энэ талбарыг тэмдэглэнэ. Байгууллага нь НХАТ суутган төлөгч бөгөөд энэ талбар тэмдэглэгдсэн үед тухайн салбарын бүх борлуулалт дээр НХАТ тооцно. Хэрэв энэ талбар тэмдэглэгдээгүй бол зөвхөн Бараа материал -> Барааны код цонхонд НХАТ тооцно гэж тэмдэглэсэн бараа, ажил үйлчилгээн дээр НХАТ тооцно.
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
- 4.1.1.“нийслэл хотын албан татвар суутгагч” гэж энэ хуулийн 4.1.3, 4.1.8, 4.1.9-д заасан бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг;
- 4.1.2."нийслэл" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг;
- 4.1.3."бараа" гэж жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг;
- 4.1.4."зочид буудал" гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолборыг;
- 4.1.5."амралтын газар" гэж тав тухтай амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
- 4.1.6."ресторан" гэж үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа шаарддаг олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан дээд зэргийн үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг;
- 4.1.7."баар" гэж хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг.
- 4.1.8."автомашин угаалгын газар" гэж автомашины бохирдлыг цэвэрлэх иж бүрэн үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
- 4.1.9."авто үйлчилгээ үзүүлэгч" гэж нийтийн тээврээс бусад автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон үйлчилгээг үзүүлэх иргэн, аж ахуйн нэгжийг.
- Орлого, зардлын нэгдсэн данс - Орлого, зардлын нэгдсэн дансыг сонгож тохируулсан байна. Хэрвээ солих бол боломжтой. Тайлант үе хаах үед тухайн салбарын энэ данс руу орлого, зардлын дансыг хаана.
- Хуримтлагдсан ашгийн данс - Хуримтлагдсан ашгийн дансыг сонгож тохируулсан байна. Хэрвээ солих бол боломжтой. Тайлант үе хаах үед тухайн салбарын энэ данс руу хуримтлагдсан ашгийн дүнг хаана.
- Утас: Салбарын утасны дугаарыг оруулна.
- Mail: Салбарын цахим шуудангийн хаяг оруулна.
- Хаяг: Салбарын дэлгэрэнгүй албан хаягийн мэдээллийг оруулна.
Дараах тохиргоог зөвхөн Даянсофт ХХК-с тохируулах ба 1 мэдээллийн бааз дээр олон компаний бүртгэл, борлуулалт хөтлөх бизнес хэрэглээгээр ашиглагдахыг анхаарна уу. Гараас тохиргооог өөрчлөх, оруулах боломжгүй.
- Регистр №: Хэрвээ олон байгууллагын бүртгэлийг, борлуулалтыг 1 мэдээллийн бааз дээр хөтлөх тохиолдолд салбар компанийн регистрийн дугаарыг Даянсофт ХХК-с тохируулна. Гараас дахин өөрчлөх боломжгүй байдаг.
- Татвар төлөгч №: Хэрвээ олон байгууллагын бүртгэлийг, борлуулалтыг 1 мэдээллийн бааз дээр хөтлөх тохиолдолд салбар компанийн татвар төлөгчийн дугаарыг Даянсофт ХХК-с тохируулна. Гараас дахин өөрчлөх боломжгүй байдаг.
- Татвар төлөгч нэр: Регистр № тохируулсан тохиолдолд татварын системээс бүртгүүлсэн албан нэрийг дуудаж харуулна. Гараас дахин өөрчлөх боломжгүй байдаг.
- НӨАТ суутган төлөгч эсэх: Регистр № тохируулсан тохиолдолд татварын системээс НӨАТ суутган төлөгч эсэх тохиргоог дуудаж харуулна. Гараас дахин өөрчлөх боломжгүй байдаг.
- НХАТ суутган төлөгч эсэх: Регистр № тохируулсан тохиолдолд татварын системээс НХАТ суутган төлөгч эсэх тохиргоог дуудаж харуулна. Гараас дахин өөрчлөх боломжгүй байдаг.